"Ховд брэнд" агро парк төслийн талаар хэлэлцүүлэг боллоо

Хамаарах огноо: 2019-01-23 13:59

"Ховд брэнд" агро парк төслийн талаар хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын намрын ээлжит чуулганы дундуур зав гаргаж, сар шинэ болохоос урьтан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн, ард иргэдтэйгээ уулзахаар Ховд аймагт ирээд байна. Өндөлзөх мэт угтах нутгийн сүрлэг хайрханууд, шувуудаа хүлээх нуур адил мэлтэлзэн угтдаг зон олон минь. Аймгийн минь хувьд өвөлжилт сайн, мал сүрэг тарган тавтай, Монгол улсын хошой аварга малчин нэг, Улсын аварга малчин долоо, Улсын аварга тариаланч нэг төрөөд байгаа билээ.

Ховд аймагт ирээд Жаргалант сумынхаа газар тариалангийн салбарын эрдэмтэн мэргэд, мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, Жаргалант суманд хэрэгжих “Ховд брэнд агро парк” жимс, жимсгэний төслийн зохион байгуулалтын талаар санал, бодол солилцлоо. 
Жимс, жимсгэний салбар бол Ховдчуудын хамгийн сайн хийж чадах бизнес, байгаль орчны нөхцөл нь ч харьцангуй таатай бүрдсэн газар. Үүнийг ард иргэд, бизнесийн байгууллагууд хөгжүүлэх ёстой гээд зах зээлийн зарчимд нь зөнд нь орхиж болохгүй байгаа юм. Учир нь жимс, жимсгэний үйлдвэрлэл нь олон жилийн уйгагүй хөдөлмөр, хөрөнгө, санхүүжилт, туршлага, ур чадвар шаарддаг бизнес. Үүнийг дан ганц аж ахуйн нэгж, байгууллага, иргэн ганцаараа хийж чадахгүй. Иймээс Монголд ургах боломжтой жимс, жимсгэний суулгац үржүүлэх плантаци байгуулах төслийг төрөөс бодлогоор дэмжиж өгөх нь зүйтэй гэдэг үүднээс аймгийн Жаргалант суманд “Ховд брэнд агро парк” жимс, жимсгэний төсөл, мөн Булган суманд “Булган агро парк” жимс, жимсгэний төсөл хэрэгжүүлэхээр 2019 оны төсөвт суулгасан. Төсөл бүр нь 600 сая төгрөгийн өртөгтэйгээр хэрэгжих бөгөөд нэлээн давгүй, боломжийн плантаци байгуулчих боломжтой юм.




Үүсгэсэн: 2019-01-31 13:46

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..