О.БАТНАСАН:ЗАСГИЙН ГАЗАР ОЛЖ БАЙГАА 100 ТӨГРӨГ ТУТМЫНХАА 10 ТӨГРӨГИЙГ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦАД ЗОРИУЛЖ БАЙГАА

Хамаарах огноо: 2019-05-15 20:07

О.БАТНАСАН:ЗАСГИЙН ГАЗАР ОЛЖ БАЙГАА 100 ТӨГРӨГ ТУТМЫНХАА 10 ТӨГРӨГИЙГ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦАД ЗОРИУЛЖ БАЙГАА


Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Ховд голыг түшиглэн баригдах усан цахилгаан станцын төслийн явцтай Ерөнхий сайд У.Хүрэлсүх газар дээр нь  танилцаж, төслийн гүйцэтгэлийг эрчимжүүлэхээ мэдэгдсэн. Энэ талаар УИХ дахь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг эрчимжүүлэх лобби бүлгийн ахлагч О.Батнасантай ярилцлаа.CLICK TO TWEET

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын  төсөл ямар шатандаа явж байна вэ?

-УИХ дээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцаар  19 гишүүнтэй лобби бүлэг байгуулагдан ажиллаж байна. Энэ усан цахилгаан станц олон жилийн өмнөөс яригдсан. Нэгдүгээрт, улс орны эдийн засгийн тусгаар тогтнол нь гарцаа байхгүй эрчим хүч, зам, дэд бүтэц байдаг. Тиймээс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг явуулах нь зүйтэй гэж үзсэн. Миний хувьд Их хурлын гишүүн болоод л энэ асуудлыг ярьж, УИХ-д лобби бүлэг байгуулж, Эрдэнэбатын Засгийн газрын үеэс эхлээд Хүрэлсүхийн Засгийн газарт саналаа тавьсан.CLICK TO TWEETҮр дүн гарч байгаад баярлаж байгаа. Сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр дахь удаагаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц  барих газар дээр нь очиж танилцлаа.

Эдийн засгийн хувьд манай улсад үр ашигтай төсөл гэдгийг Ерөнхий сайд хэлж байгаа. Усан цахилгаан станцын энэ төслийг 1968 оноос хойш Оросын мэргэжилтнүүд тооцоо судалгааг нь хийж, байгалиасаа зохилдолгоотой, үнэхээр үр ашигтай, байршлын хувьд тааламжтай гэдгийг тогтоосон. Одоо ТЭЗҮ-г нь боловсруулж байна, ирэх наймдугаар сард  дуусна. БНХАУ-ын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлд хамруулж барих  Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ жилдээ багтаад ажил эхлэх болов уу гэж бодож байна. Баруун аймгууд эрчим хүчнийхээ хэрэглээний 80 хувийг ОХУ, БНХАУ-аас авдаг. Мөн манай улсын эрчим хүчний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ 1000 мВт гэх юм бол 100 мВт-ыг нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцаас хангах боломжтой юм.CLICK TO TWEET

-Энэ цахилгаан станцын төсөл эдийн засгийн хувьд ямар өгөөжтэй вэ?

-Эдийн засгийн хувьд маш их үр өгөөжтэй. Яагаад гэхээр дөрөвдүгээр цахилгаан станцаар жишээ авч ярья л даа. Нүүрс түлнэ, нүүрсээ түлээд ус халаагаад халуун дулаан эрчим хүчээр хангана гэдэг маш их ажил. Харин усан цахилгаан станц өөр. Эрчим хүч тасарлаа гэхэд нөгөө талынхаа турбаныг ажиллуулчихна.Сэлгээ турбатай байдаг гэсэн үг. Усны хувьд байгаль экологийн нэн таатай нөхцөлтэй. Манай Ховд, Увс, Говь-Алтай аймаг өндөр уулын бүсэд оршдог,мөнх цаст уулс ихтэй.  Чийгшил ихтэй байх учраас байгаль, экологийн сэргэлт хурдан явагдана гэсэн үг л дээ. Дэлхийн дулааралтай холбоотойгоор мөнх цастай уулсын цас хайлалт их явагдаж байгаа учраас  хайлалтыг багасгахад асар их ач холбогдолтой юм. Ер нь байгаль экологийн хувьд зохицсон тийм л газар. Усны урсгал хүчтэй, нэгхэн секундэд ус нь 64 метр урсдаг. Цахилгаан станц барих газар  загасны түрс шахдаг газраас хол, дээшээ 5 км- зайтай гэх мэт асуудлыг судлан сонгосон. Гэхдээ бидэнд сөрөг нөлөө үзүүлэх зүйлс байж магадгүй гэж үзэж байгаа учраас байгаль экологитой холбоотой судалгаа шинжилгээг өндөр төвшинд хийж байна.

-Усан цахилгаан станцыг хэзээ барьж дуусгах вэ?  

-2023 онд дуусна. Нийт 700 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл. Засгийн газар зоригтой алхам хийж, нийт олж байгаа 100 төгрөг тутмын  10 төгрөгийг  энэ төсөлд зориулж байгаа.  Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд ийм том төслийг урагшлуулна гэдэг бол бүс нутгийн ард иргэдэд тустайн дээр  Монгол Улсын эдийн засагт сайн үр дагаврыг авчрах ирээдүйтэй.

Усан цахилгаан станцын үйлдвэрлэж байгаа эрчим хүчний тариф маш хямд байдаг. Дөргөний усан цахилгаан  станц 1 кВт  эрчим хүчийг   38 төгрөгөөр үйлдвэрлэж байна. Гэтэл Хятадаас 1 кВт эрчим хүчийг 350 төгрөгөөр худалдаж авч байна. Эрчим хүчний найдвартай хэрэглээтэй байх юм бол үндэсний аюулгүй байдал, хямд тарифаар хараат бус эрчим хүчээр хангагдах зэрэг олон давуу талтай. Улсын төсвөөс жилд 8-10 орчим тэрбум төгрөгийн татаасыг эрчим хүчний зөрүүнд төлдөг. Улс Оросоос нэг кВт цахилгааныг 350 төгрөгөөр аваад  иргэдэд 160 төгрөгөөр зардаг зөрүү ингэж гардаг.

Эх сурвалж: gereg.mn


Үүсгэсэн: 2019-05-15 20:04

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..