Булган сумын иргэдтэй уулзалт хийлээ

Хамаарах огноо: 2019-05-08 13:49

Булган сумын иргэдтэй уулзалт хийлээ

Сум орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажилд иргэд сэтгэл дүүрэн байгаа хэдий ч төр засгийн зарим үйл ажиллагаа, бодлого шийдвэр, нийгмийн үйл явцыг засч сайжруулахад иргэд санал хүсэлтээ илэрхийлж байна.

УИХ-ын чуулганы дундуур цөөн хоногийн чөлөө авч тойрогтоо ажиллах зуураа Булган сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа. Уг уулзалтаар УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулан, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Иргэдийн зүгээс дараах саналуудыг онцлон хэлж байв. 
Сум орон нутаг нэн ялангуяа алслагдсан аймаг орон нутагт хүн ам цөөрч мал маллах иргэд багасч байгаа. Гэтэл Улаанбаатар хотын гэр хороололд ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлэхгүй өдөр хоногийг аргацааж хотын утаа, түгжрэлд нэрмээс болж байгаа хэсэг бүлэг иргэдийн бөөгнөрлийг сааруулж орон нутаг руу нь татмаар байна хэмээн төр засгийн бодлого шийдвэрт тусгах шаардлагатайг онцолж байлаа.

Өөрөөр хэлбэл хотод байгаа ажилгүй өрх бүлийг хөдөө орон нутаг руу нь өөрийн хүсэлтээр шилжүүлэх нь зүйтэй гэлээ. 
Сүүлийн үед хүн бүр их дээд сургуульд сурахыг эрмэлздэг болсон. Бүхэл бүтэн дөрвөн жил эцэг эхийнхээ цалин, тэтгэвэр, таван малыг нь барьцаалж зээл авхуулаад сурцгааж байна. Гэтэл төгсөөд ажилтай болдог нь цөөн. Энэ бүхнийг зогсоох арга бол чанаргүй олон их дээд сургуулиудын тоог цөөлж дэлхийн жишигт хүрсэн цөөн тооны хэдэн их сургуультай болгомоор байна гэдгийг хэлж байлаа. 
Түүнчлэн Булган сумын малчдын нэлээдгүй хэсгийг эзлэдэг Байтаг багийн малчид бэлчээр сэлгэн нутаглах газаргүй байгаа бөгөөд зундаа Үенч, Мөнххайрхан, Баян-Өлгий аймгийн Булган сумын нутгуудаар нутаглаж байгаа нь олон хүндрэл бэрхшээл дагуулдгийг онцолж байв. Мөн малын тоо толгой өсч байгаа нь жилдээ нэг талдаа 400-аад км нүүдэллэдэг малчдын хувьд бэлчээрийн даац, газар нутгийн хүрэлцээ муугаас эхлээд хүндрэл багагүй гардаг байна. Гэхдээ энэ тал дээр төр засгийн бодлогоор тийм амар шийдэгдэх асуудал биш ба малчид чанартай, үр шим сайтай мал өсгөн үржүүлэх нь илүү чухал байгааг онцоллоо.



Үүсгэсэн: 2019-05-08 13:47

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..