ЦАХИМ ЗОЛГОЛТ- 2020

Хамаарах огноо: 2020-02-24 17:24

ЦАХИМ ЗОЛГОЛТ- 2020

ХОВД НУТГИЙН АЗАЙ БУУРЛУУД, АХАН ДҮҮС ТА БҮХЭНДЭЭ АЙЛЧЛАН ИРЖ БУЙ XVII ЖАРНЫ “ХОТОЛ ТӨГС” ХЭМЭЭХ ТӨМӨР ХУЛГАНА ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.
Монголчууд та бид эрт дээр үеэс азай буурлууддаа хүндэтгэл үзүүлж, ахан дүүстэйгээ уулзан золгож, ардын сайхан үгээ хэлэлцэж, аз жаргал, амжилт бүтээлийг бэлгэдэн ерөөдөг Сарын шинийн баяр тохиож байна.
Сар шинийн баярыг тохиолдуулан өвлийг өнтэй давсан малчин олонтойгоо уулзаж, аварга малчин, тариаланчиддаа биечлэн баяр хүргэж, тэднийхээ санаа оноог сонсож ирсэн жил бүрийн уламжлалт арга хэмжээ маань шинэ короновирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улс Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжээд байгаатай холбогдон цуцлагдаад байгаа билээ.
Иймд та бүхэндээ энэхүү цахим видео бичлэгээр сар шинийн мэндийг дэвшүүлж байгааг хүлээн авна уу.
Өнгөрсөн Шороон Гахай жил Ховдчууд бидний хувьд их бүтээн байгуулалтын эхлэл тавигдсан жил болж өнгөрснийг энэхүү ялдамд онцлон дурдахыг хүсч байна.
50 гаруй жил яригдаж ирсэн Эрдэнэбүрэнгийн УЦС Ховд гол дээр Шижигтийн хавцалд баригдахаар боллоо. Манай Ховд аймаг гэлтгүй баруун бүсийг импортын эрчим хүчний хараат байдлаас гаргаж, цахилгааны найдвартай эх үүсвэртэй болгох энэхүү УЦС нь Ховд аймгийн эдийн засгийн цаашдын өсөлтийг түүчээлэх болно. 288.5 сая ам.доллар буюу 800 тэрбум төгрөгөөр босох энэхүү УЦС нь Ховд аймгийн эдийн засгийн өсөлтөд томоохон нөлөө үзүүлэх нь дамжиггүй.
Ховд аймагт 2017-2020 онд нийтдээ 243 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын 175 төсөл хөтөлбөрийг шинээр эхлүүлж, заримыг нь ашиглалтад оруулж эхлээд байна.
Нийгмийн хамгийн чухал баялаг болох эрүүл мэндийг сахин хамгаалах тал дээр томоохон бүтээн байгуулалт хийгдсэн нь Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг 6 сая евро буюу 17 тэрбум төгрөгийн оношлогооны орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангасан явдал болсон. БОЭТ-ийн барилгыг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил АХБ-ны санхүүжилтээр хийгдэхээр боллоо.
Хөдөөд хүн ажиллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх тал дээр нэлээдгүй бүтээн байгуулалтууд хийгдлээ. Аймгийн төвийн гэр хороолол болон сумын төвийг нэгдсэн дулаан, цэвэр, бохир усны сүлжээнд холбох ажлыг эхлүүллээ. Иргэдийн чөлөөт цагаа аятай тухтай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх соёлын төв, спортын заалуудыг барьж байгуулах ажлуудыг эхлүүлж, заримыг нь ашиглалтад орууллаа.
Иргэдийн амьжиргааг дэмжихийн тулд иргэдээ ажилтай, орлоготой болгох нь хамгийн чухал бөгөөд энэ чиглэлд Засгийн газраас хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийн төсөл, хөтөлбөрт тойргийнхоо иргэдийг аль болохоор ахиу хамруулах чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллаж ирлээ. Хувийн хэвшлийн бизнесийн орчин, дэд бүтцийг сайжруулах үүднээс Агро парк болон Усжуулалтын бүтээн байгуулалтыг улсын төсвийн хөрөнгөөр барьж байгуулан өгөх ажлуудыг тойргийн сумдад хийж гүйцэтгэлээ.
Цаашдаа дэлхийн болон дотоодын зах зээлд өрсөлдөх чадвартай, экспортын баримжаатай үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгаа олон талтай, мэдлэгт суурилсан болгоход хийх ажлууд нэлээдгүй байна. Үлдэж буй жил хүрэхгүй хугацаанд эхлүүлсэн ажлаа бүрэн дуусгах, зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлэхийн төлөө улам шаргуу хичээн зүтгэх болно.
Угтан золгож буй Төмөр хулгана жил та бидэнд өлзий ивээлээ хайрлаж, эрч хүчийг нэмсэн, элбэг хангалуун амьдралыг бэлэглэсэн, амжилт бүтээлийг урин дуудсан сайхан жил байх болтугай.
Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье .
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.


Үүсгэсэн: 2020-04-28 16:56

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..