Мянгад сумын иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ

Хамаарах огноо: 2019-01-26 17:33

Мянгад сумын иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ

Мянгад сумынхаа иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж ажлаа тайлагнан, 2019 онд хийх ажлынхаа талаар мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь сонслоо. 
Мянгад нутгийнхан  энэ жил мянгад адууны омог угшлаа баталгаажуулсан амжилттай байгаагийн дээр “Алтан унага”-ны эзэн тодорсон бахдам амжилттай сар шинээ угтаж байна. 
Бүтээн байгуулалтын хувьд 150 ортой хүүхдийн цэцэрлэг, спорт заалны барилга, сумын төвийн 0,4 кВт-ын шугам, сумын төвийн гэрэлтүүлэг тохижилт, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх машин, Багийн Засаг дарга нарын мотоцикл, сумын инженерийн шугам сүлжээний зураг төсөл зэрэг хөрөнгө оруулалтуудыг шийдүүлсэн юм. 
Түүнчлэн Мянгад сумын хувьд хамгийн их асуудал дагуулсан зүйл бол Баянхарын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал юм. Энэ асуудлыг шийдвэрлэхэд бүхий л гарц гаргалгааг хайж, хууль журмын дагуу баримт, нотолгоог гарган ирж, асуудлыг илрүүлэн хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Цаашид энэ мэт хууль бүс шийдвэрээр газар нутгаа лицензийн наймаачдад алдахгүй байх тал дээр иргэдэд зориулсан таниулга хийх гарын авлага, зөвлөмж гаргаж сумын удирдлагуудад хүлээлгэн өглөө. 
Мөн 2018 онд УИХ-ын гишүүний гол үүрэгт ажил болох хууль батлах, санаачлах ажлын хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр ажиллав. Тодруулбал, 2015 оны 12-р сард батлагдсан Эрүүгийн хуулийг практик дээр нэг мөр хэрэглэхэд хүндрэлтэй, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завших, эсхүл түүний эрх зүйн байдлыг дордуулсан, хууль зүйн техникийн хувьд олон төрлийн хийдэл, зөрчилтэй, утга найруулгын алдаатай байсныг залруулж нэмэлт өөрчлөлт орууллаа. 
Энэхүү хуулийг Мянгад сумын насанд хүрээгүй 3 хүүхдийн гэмт хэрэгт холбогдсон зөрчил дээр тулгуурлан асуудлыг судалж, эрх зүйн орчныг нь сайжруулж шийдвэрлэж чадсан юм.




Үүсгэсэн: 2019-01-31 17:33

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..